Monday, March 8, 2010

Сул талаа нуухын оронд засахыг хичээ

Сул талаа нуухын оронд засахыг хичээ: "

Алдаа мадаггүй арван хуруу тэгш, сул талгүй сумны мөс мэт тэгш шулуун хүн энэ орчлонд үгүй. Хүн бүр өөрийн гэсэн сул талуудтай, алдах тавиланд төрсөн. «Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар». Хүмүүс алдаагаа ухаарч чадах эс чадах, алдсан алдаандаа дахин бүдрэх, эс бүдрэх, гаргасан алдаагаа засах, эс засах зэргээрээ л ялгагдана. Алдаагаа өрөө ойлгож, ухаарч, засч чаддаг хүн – сайн хүн. Алдсан алдаагаа мэдэж ухаарахгүй мугуйдлан зөрүүдлэх нь хүний хамгийн харамсалтай сул тал. «Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг. Нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг» гэж нэгэн нэрт зохиолч бичжээ. Алдаагаа ухааралгүй зөрүүдлэгч нэг бүдэрсэн гадсандаа дахин дахин бүдрэх нь гарцаагүй. Ухаалаг, сэрэмжтэй хүн нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй. Алдаагаа ухаарсан хүнд дахин тийм алдаа гаргахгүй байх сэтгэл зүйн дархлаа төлөвшинө. «Өөрийн буруутайг ухаарах нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж». Алдаагаа ухаараагүй хүнд түүнийг засах тухай ойлголт байхгүй. Алдаагаа мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг дүр эсгэж, алдсан алдаагаа үг хэлээрээ, үйлдэл хөдлөлөөрөө нууж хаацайлахыг зүйл бүрээр оролддог сул талтай, ухаан муутай хүмүүс бий. Тийм хүмүүс алдааны намаг балчигаас гарч чадахгүй гүн шигдэж, улам бүр зууралдан алд дэлмээр ахин дахин алдана. «Сул талуудаа нуухын оронд засахыг хичээ». Муу нуухаар сайн илчил ч гэсэн үг бий.



Хүний хэлж ярьсан болгоныг хүлцэнгүй хүлээн зөвшөөрч, аялдан дагалдах нь сайны шинж биш. Хүний хэлсэн ярьсаны эсрэг зөрөхийн тулд зөрдөг, тийм гэхэд үгүй гэх, үгүй гэхэд тийм гэх, тэмээ гэхэд ямаа гэх зөрөөгүй зөрүүд байх нь адгийн шинж. Буруу ишлэсэн сүх шиг зөрүүд зан бол хүний утга учиргүй сул тал. Зөрүүд зан бол ядмаг ухаан, харанхуй бүдүүлэг байдал, бардам зангийн мунхрал мөн». Үнэний эсрэг худлыг сөргүүлэн тавих ухаангүй зөрүүд, зөвийн эсрэг бурууг зөрүүлэн тавих урагшгүй бүдүүлэг хүнтэй асуудал хэлэлцэж учрыг нь олж, хужрыг нь тунгаах боломжгүй. Зөвийг зөвлөсөн үгийг сөрж сөргөн үйлдэж, зөвийн амсраас хальж, буруугийн ангал руу ойчих нь зөрүүдлэгчийн гэм биш, зан. «Ихэрхэг бөгөөд зөрүүд зантан хэний ч зөвлөлгөөг сонсохгүйгээр бүхнийг өөрийнхөөрөө хийдэг ба мөдхөн өөрийн төөрөгдлийн золиос болдог».


Өөрийн гэсэн бодлоор долоо хэмжин нэг огтолж, алдаа мадаггүй шийдвэр гаргадаг ухаалаг зөрүүд зан бол хэн ч өөлж гоочлох сул тал биш, хэний ч өмнө нүүр бардам давуу тал. Тус болохгүй, ус болох, гавьяа байгуулахгүй, гай тарих зөрүүд гөжүүд зангаа төрөлхийн учраас өөрчлөгдөхгүй гэж өмгөөлөх, заяамал учраас засрахгүй гэж хамгаалахын хэрэгцээ чамд үгүй. Уужуу бодол, ухаалаг оролдлогоор хичээвэл зөрүүдлэх сул талаа аажим аажмаар засч, давуу тал болгож болно. Гагцхүү зөрүүд зангаа засъя гэх эрүүл саруул бодол тархи толгойд чинь эргэлт буцалтгүй орж ирсэн байх ёстой.


Тэвчээргүй зан нь хүмүүсийн түгээмэл сул талуудын нэг. Тэвчээргүй зангаасаа болоод түүгээр өнгөрч явсан гайг үүгээр дуудан авчрах ухаангүй үйлдэлтнүүд цөөнгүй. Тэвчээргүй байдлаасаа болж өөрийн амьдралдаа өөрийн гараар хор хүргэхийг харахаар толгой эргэж, дотор бачуурам харамсалтай. Жаахан тэсвэл даваад гарчих бэрхшээлийн өмнө сөхөрч, тэвчээд өнгөрч болох зүйлийн талаар ам алдан дуугарч, амгалан тайван байсан газарт аянга цахилгаан буух мэт болгох зэрэг тэвчээргүй зангаасаа болж өөрийгөө хорлох болчимгүй үйлдлүүдийг тоочих аргагүй. Холын аянд гарсан хүн боргож буй нохой болгон руу чулуу шидэх албагүй гэдэг шиг, үг сөрж хэрүүл өдсөн болгоны өөдөөс өрвөсхийн уурлаж хариу барих албагүй, биеэ барьж, тэвчвэл өлзийтэй. Тэсээд өнгөрчихөж болох цөөхөн хормыг тэвчээд давчих чадвар дутвал уучилж боломгүй алдаанд орох осол эндэгдэл отон хүлээж байдгийг ухаарах хэрэгтэй.


«Газар дээрх дээд зэргийн тэвчээрүүдийн нэгэн нь биеэ барих чадвар байдаг». Хамгийн энгийн тэвчих зүйлийг ч тэсвэрлэх тэвчээр суух хэрэгтэй. Байгалийн түр зуурын халуун, хүйтнийг тэсвэрлэж чадахгүй халиран хавчиганах хүн, амьдралд тохиож болох халуун хүйтэн там мэт шалгуурыг тэвчээр заан тэсч гарна гэдэг эргэлзээтэй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг юм болгон дээр түрүүлж дуугарах гээд байдаг тэвчээргүй амаа хамхиж байхгүй бол болохгүй. Хийж эхлэх болоогүй зүйлийг юуны ч туханд хүрэлгүй, ямар ч бэлтгэлгүй хам хум хийж эхлэх яаруу адгуу зан тэвчээргүйтэй нийлбэл онохоосоо алдах нь их байна. Аливаа ажил асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, үр дүнг тэвчээртэй хүлээх хэрэгтэй. «Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг». Тэвчээргүй хүн ажилд эхэлж гар хүрдэг ч үр дүнг сүүлдэж үзнэ. Үзэхгүй, замын хугасаас буцаж ч мэднэ. Чи өөрөө хүсээд хичээвэл тэвчээргүй зангаа амархан засчихаж чадна.


Хүний сул талуудаас бусдад хал бал багатай хэрнээ өөртөө хорлолтой нь нэрэлхүү зан. Нэрэлхүү хүн хоол идээгүй мөртлөө идсэн гэж хэлчихээд өлсөж явах, мэдэхгүй зүйлээ аль эрт мэдсэн дүр эсгэх, хийж чадахгүй ажлаа чадах юм шиг царайлах, эцсийн дүндээ өөрийгөө хохироогоод хоцордог зовлонт хувь тавиланд цаг үргэлж талхиулж явдаг. «Нэрэлхүү зан – бидний дотоодод өөрсдийн маань эсрэг үйлчилдэг аймшигт хүч юм». Нэрэлхүү зангаас худал хуурмаг үргэлж ундран урсч байдаг. Тийм болохоор нэрэлхүүгээс шударга байдлыг хүлээгээд нэмэргүй. «Тэнэг байдал, нэрэлхүү зан хоёр салшгүй анд найзууд». Үнэн бодит байдлаа, дорой дорд байгаагаа хүнд мэдэгдүүлэхгүйн тулд нэрэлхүүчүүд өөрсдийгөө тэнэг байдалд хүртэл аваачих нь энүүхэнд. Нэрэлхүү зантай хүн өөрийгөө хүндлэх мэдрэмжээ нэрэлхэх тоолонгоор зугуухан хаяж гээдэг. Нэгэнт өөрийгөө хүндлэхгүй учир бусдын хүндлэлийг хүлээхгүй, харин ичгүүр сонжуурыг хангалттай хүртэж, элдэв муу үгний бай болно. «Нэрэлхүү зан бол хамгийн хүчирхэг хүсэл тэчьядал байдаг. Энэ тэчьядлаас намайг авар, харин бусдаас нь би өөрөө салж чадна» гэж нэгэн нэрт зохиолч бичсэнийг харахад хүний энэ сул тал өөрт нь ямархуу зовлон зүдүүр авчирдаг нь илхэн байна. Нэрэлхүүчүүд өөрийн сул талаа хамгаас илүүтэй нууж хаахыг чармайдаг. Уг нь нууж хаах гэж зовж байснаас нэрэлхэхээ больж, бодит төрхөө ил гаргахыг хичээх хэрэгтэй юм.


Биеэ барих чадвар чамд ундаалах ус, амьсгалах агаар мэт хэрэгтэй. Чам дээр магтаалын хур бууж мэднэ, тэгвэл өөрийгөө норгочихгүй байх шүхэр бэлдсэн байх шаардлагатай. Магтаалын шаагисан бороонд нэвт норчихгүй байх хамгийн сайн шүхэр бол биеэ барих чадвар. Магтаалын хур бууж байх үед биеэ урьдаас илүү барь, эсгүүр хийж зуурсан гурил шиг хөөж сагах хэрэггүй. Магтаалын хур буусны маргаашнаас жирийн өдрүүд үргэлжлэх тул жирийн өдрүүдэд байдаг шигээ, өөрийн байдгаараа, энгийн даруу бай. Чам дээр зэмлэлийн аадар асгарч, үер бууж мэднэ. Зэм хүртээд, үерт нь урсчихгүй тэсэхэд биеэ барих чадвар чинь чамд тусална. Аадрын дараа нар гардаг жамтай тул биеэ бариад тэсээд өнгөрөөх хэрэгтэй. Магтаал, зэмлэл хоёрт зохих байрандаа, тайван түвшин байж чадаж байвал, биеэ барьж чадахгүй дүрэлзэх сул талаасаа салж хөндийрч байна гэж бод. «Зохих байрандаа байх нь сэтгэл зоригийн гол эх булаг мөн». «Биеэ барих чадвар нь бусад бүх чанарын адил дасгалаар хөгждөг» гэдгийг анхаараарай. Биеэ барьж чадаагүйгээс алдсан гунигтай бөгөөд гутамшигт мөчүүдээ сэргээн санаж, тийм нөхцөл дахин үүсэхэд алдаагаа давтахгүй байх сэтгэл зоригоо чандлан бэлдэж, дасгах хэрэгтэй.


«Амьдрал дахь хамгийн эхний, хамгийн гол зүйл бол өөрөө өөрийгөө эзэмдэхийг эрмэлзэх явдал» гэдгийг залуу хүн бүр ухаан бодолдоо тод тогтоож, бат шингээж авах хэрэгтэй. Сул талуудаа үргэлж мэдэж, байнга мэдэрч, тэдгээрийг нууж хаацайлахыг оролдох биш, засахыг хичээ. «Жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаардаг» юм. Жинхэнэ хүчтэй хүн байхыг эрмэлз, чи тийм байж чадна.


Нацагийн Багабанди




"

3 comments:

Zulaa said...

Sain uu? Bagabandi guain niitleluudiig unshihad uneheer goyo shuu. negiig bodoj hoyoriig tungaahaar... Minii unshaagui bsan niitleliig tavisand bayarlalaa. ehleed buhnees iluu ooriigoo tanij medeh heregtei gedegt 100% sanal niilj bna. amjilt

Уйгаржин said...

8нд 25 аар гарч байсан Титэм үг байна ямар сайн ойтой юм вэ их юм бичжээ

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Гүүгл реадерээс сонин цэг ЭмЭн-ийг уншиж байхдаа шууд Сэнд Тү гээд блог дээрээ оруулчихсан юм аа. Их хэрэгтэй санагдахаар нь л тэгсэн хэрэг л дээ.