Wednesday, November 5, 2008

Хааяа бодохоор өөрийн эрхгүй хоолой зангирдаг юм аа

Хааяа бодохоор өөрийн эрхгүй хоолой зангирдаг юм аа, тэгсэн чинь өнөөдөр бүүр хоолой зангирч байснаа нүд бүрэлзэж нулимс унадаг юм байна. Яасан юм болдоо гэж бодож байна уу. Яахав дээ олимпод алтан медаль авсан аваргуудаа бас мөнгө хүрэл авсан гавъятуудаа бодсон чинь!
Уул нь би найман сараас есөн сар хүртэл өдөр болгон цаг минут бүр л омогшиж дээшээ огшиж байлаа. Өнөөдөр бас тэрнээс ч илүү байна. Ай даа... Би Монгол хүн

Би монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад

Yлээж байгаа салхи нь
Yнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдий минь бүрхдэг

Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө

Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Yрээ гэж найдаад
Yлдээж надад өгсөн
Өнөр монгол орны

Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул

Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг,

Энэ нутагтаа би эзэн нь юм,
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйгий нь түмэнтэйгээ босголцох
Их үүрэг хүлээсэн юм

Хэрэв хүн, эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол

Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ мөлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол

Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглан
Амиа өхөөс буцдаггүй бол

Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр гэнэ

Би монгол хүн болохоор
Биндэръяа нутгийнхаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа

Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би

Төвшин талдаа цууриатсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тутмаа баясаж байна,
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна

Чойжилийн Чимэд 1927-1980