Monday, April 6, 2009

Миний зүүд (Тайлал)

Хэдэн долоо хоногийн өмнө би ийм зүүд зүүдэллээ. Үнэндээ бол нэг их зүүдлээд байдаггүй л дээ бас зүүдэлсэн зүүдээ санадаггүй байсан юм. Харин энэ бол их өөр.

Би аав ээж хоёртойгоо гол даган сүрэг цагаан хонь хариулан явахдаа мориндоо нэг л монгол биш мордсон байх юм (яг л англи маягийн язгууртан хадагтай нар морь унахдаа хоёр хөлөө нэг тийш нь унжуулан явдаг шиг) харин аав минь морио жирийн монгол эр хүн шиг унаад ард явах юм, ээж бидний урд хонины зүүн захад түрүүлэн явж байх юм. Гол сайхан дөлгөөхөн урсаад л харин голын нөгөө эрэг дээр хүмүүс шуугилдан наашаа цаашаа холхилдон явж байх юм. Төд удалгүй хонид уул өөд өгсөн дээш явахад ээж бид хоёр хонио даган явав бололтой. Хонь явсаар хадны цаагуур орон бараа нь харагдахгүй болов. Энэ үед бидний урд нэг том хадан агуй (эсвэл байшин) тааралдах юм, гэтэл би тэр байшинруу чигээрээ яваад ороход, ээж тойроод гарахаар зүүн талаар нь явчхав. Энэ зүүдний минь хамгийн аймшигтай нь эхлээгүй байна, энэ бол би байшинд ороход тас харанхуй байх юм харин арын хана нь хаа нэг газраараа гэрэл шүүрсэн бага зэрэг завсартай нь харанхуйд тод ажиглагдах юм. Гэнэт миний ээж чоно гэж хашхирах нь чихэнд сонсогдох үед би тэр хадан ханыг өм цөм цохин гаргасан нүхээрээ багтаж ядан шургаж гарах хоорондоо чоныг үргээх санаатай хашхичин гуугалж байлаа. Харамсалтай нь хөх саарал чоно бидний хониноос нэгийг аль хэдийнээ хүүлчихжээ... Тэгээд л сэрчихсэн

Энэ зүүд санаанаас гаралгүй олон хоног гайхаж явсаар заримдаа хүнд хэлэхэд тоох янзгүй юм.

Өнгөрсөн сайн өдрийн нэгэн сайхан дулаахан өдөр Интер ном номын дэлгүүрт явж байтал С. Дуламын Монгол бэлгэдэл зүй "тооны бэлгэдэл зүй, өнгөний бэлгэдэл зүй, дүрсний бэлгэдэл зүй, зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй" гэсэн 4-н боть ном олж хараад Гэнэт өнөөх зүүдээ санаад зүүд зөн совингийн бэлгэдэл зүй номыг шүүрч аван Морь зүүдлэхэд ямар вэ гэж хайж гарав. Муугүй шүү морь бол монгол хүний зүүдэнд сайн сайхныг зөгнөдөг юм байна гэдгийн мэдээд санаа хэсэг амрав, харин морио яаж унасан талаар юу гэж бэлгэддэг гэдгийг нь олж чадсангүй. Хонь зүүдлэх бол яадаг юм бол доо гээд хайхад, эртний сударт монголчууд хонь зүүдлэх талаар бичигдэж үлдсэн зүйл байхгүй байв гэхдээ өөр бусад сурвалжаас энэ тухай олж нийтэлсэн байхыг олзуурхан баярлаж уншихад: Хонь бол нөхөрлөл гэж байхыг уншаад баярлав, ёр нь сайхан нөхөрлөлөөс сайхан зүйл байх уу даа. Гэтэл хамгийн сүүлд нь сүрэглүү минь хөг чоно орж байна гэж зүүдэлсэн шүү дээ...

Чоно зүүдлэх сайн ч тэр чоно хонин сүрэгрүү минь дайрдаг нь ямар утгатай юм бол оо...

Энэ зүүдэнд гарах бүхий л зүйл нэг л тод, нэг л өрнөлтэй, урьд өмнө нь зүүдэлж байгаагүй тийм тод яг бодит мэт, энэ зүүдийг тайлахад олон олон зүйл гарах мэт санагдаад байх юм. Бас тэр байшин шиг хадан агуй ямар учиртай юм бол доо, яагаад би чигээрээ ээж тойрч гарав аа, яагаад аав ард үлдээд хоцорчхов оо, тэр өдрийн цаг агаар яагаад тийм сайхан байхад гэгээн цагаан өдөр хариулгатай хонинд чоно халдаав... энэ бүхний бодоод гайхаад ажлаа хийж чадахгүй юм.

1 comment:

Сэгсгэр said...

Yostoi sonin zuud bna daa. Yamar soniniin