Friday, July 13, 2012

Тэнд хүрэхсэн

Тэнд хүрэхсэн

Б. Оюундалай

Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн
Гал хүрдэн нарыг наана нь халхлах үүлгүй
Ган ирт мэсийг нууж билүүдэх хүнгүй
Жаахан од байдаг ч залгигдсан од байдаггүй
Номхон од байдаг ч Нухагдсан од байдаггүй
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн.

Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн
Үүднээсээ дүүжилдэг оньсыг тэнд лав хэрэглэхгүй
Үзлээсээ тэрсэлсэн шүлгийг тэнд лав бичихгүй.
Дуртай дуугаа дуулахад тэнд лав хилсдэхгүй
Тушаа гинжтэй хүнийг тэнд лав үзэхгүй
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн.

Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн
Элэнцийн үлдээсэн голомтынхоо
Галыг аваад очих юмсан
Эргэж хандахыг мэддэггүй
Ганган тэмээгээрээ хүрэхсэн
Нохойгоо хаяад явахсан
Сарыг нь хуччихвал яана вэ
Нулимсаа орхиод явахсан
Садруулж суудаг ч орон биш дэ
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн.

"Уранхай Дарвуул" түүврээс