Tuesday, December 16, 2008

Монгол хэл

Монгол хэл нь Алтай хэлний бүлэгт багтдаг. Энэ бүлэгт турк, манж-түнгүс, япон, солонгос хэл мөн багтана. Монгол хэл нь Алтай хэлний нийтлэг шинжийн дагуу залгамал хэл юм. Бүтээврүүд нь ар араасаа залгагдан орж үгийг бүтээдэг. Иймээс үг бүтээх болон хувилгах олон тооны дагавар, нөхцөл байдаг. Үүнд, үг бүтээх 500 орчим дагавар, үг хувилгах 80 орчим нөхцөл байна.

Монгол хэлний үгийн санд унаган монгол үг байхаас гадна төвд, санскрит, хятад, орос гэх мэт харь хэлнээс орж ирсэн үг нилээд бий. Энэ нь улс төрийн болон газар зүйн байрлалаас шалтгаантай.

Өнөөгийн манай улсад албан ёсоор хэрэглэж байгаа кирилл үсгийн дүрэм нь 66 зүй, 189 үндсэн дүрэмтэй. Үүн дээр гажилтын дүрмийг нэмбэл нийтдээ 214 дүрмээс бүтдэг аж. Харин мянга орчим жилийн өмнөөс уламжлагдан ирсэн монгол бичгийн зөв бичих зүй нь эгшиг зохицох ёс, дэвсгэрлэх ёс, холбох эгшгийн гэсэн үндсэн гуравхан дүрэмтэй байдгаараа бусад бичгээс ялгарах давуу талтай аж.

Монгол хэлний нэр үг өмнөө 7 хүртэл тодотгол авч болдог. Эдгээр тодотгол үгийн дараалал ямар дүрмээр зохицуулагддаг нь одоо хир тодорхойгүй байдаг. Тодотгож буй тэмдэг нэр нь тодотгуулж буй үгтэйгээ ойр байх тусам утга зүйн илүү их хүчээр холбогддог гэсэн таамаглал бий.

Монгол хэлний язгуураас хойш 11 хүртэл бүтээвэр залгагдан орж үг үүсгэх боломжтой. Жишээ нь: Хам+т+р+л+ж+уул+гд+сан+аар+аа.

Олон хэлэнд шүргэх гийгүүлэгч “л” байдаг бол монгол хэлэнд хажуугийн шүргэх гийгүүлэгч “л” байдаг. Ийм шүргэх гийгүүлэгч дэлхийн тун цөөхөн хэлэнд байдаг байна.

http://crlp.num.edu.mn/mongolian_language.htm

No comments: