Saturday, October 17, 2009

Нэг л өдөр манайх гэх байх даа

2009-10-13,09:42 дуслаас

Саяхан ЮНЕСКО-д ХӨӨМИЙ, ГЭСЭР ТУУЖ болон бас бус соёлын өвүүд Хятадынх хэмээн бүртгүүлжээ. Мэдээллийг дараах хаягнаас уншиж болно: http://bit.ly/VS8Dx

За тэгээд удахгүй Хубилай хаан, Морин хуур гэж эхлээд нэг л өдөр Монгол бичгийг маань ингэнэ шүү. Өвөр Монголд одоо хэрэглэдэг. Харин бид хэрэглэдэггүй! Тэгэхээр хэнийх нь болж таарч, хэний нэр дээр бүртгэгдэх бол?

Ядаж нэгэнт бүртгүүлсэн ч гэсэн хөөмий, туужаа өөрсдөө сайн сурч мэдэж, илүү хийж, бас Монгол бичгээрээ хэвлүүлээд хүүхдүүддээ заадаг болмоор...
Монгол бичиг рүүгээ шилжиж төрийн бичиг болгож өөрсдөө хэрэглэмээр...

Өвөөгийн тань хийсэн ор, домбо, ширээ танайд байж л дээ. Нэг нөхөр минийх, ижил нь манайд байгаа миний хийсэн зүйл гээд цагдаад бүртүүлээд байж. Тэгээд нэг л өдөр танай гэрийг энэ манай гэр итгэхгүй бол ороод хар, бүх юм нь минийх гээд цаас бариад орж ирээд таныг хөөхөд хууль гэгч зүйл хэний талд үйлчлэх бол? Тэр үед бид кирилл үсэг хэрэглэдэг болохоор гээд Орос руу нүүх үү? Арай ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байна. Гэвч бага багаар ингэж эзэлдэг энэ арга эрт дээр үеэсээ олон улс гүрнийг бидний хөрш урд том гүрэнд нэгтгэж байгааг бид мартаж болохгүй. Манай нэг хэсэг ч бас аль хэдийн эднийх болсон. Тэд улам л нааш ахисаар, гэтсээр, магадгүй нэг л өдөр үсэрнэ...

Бид яаж үүнээс өөрсдийгөө хамгаалах вэ. Энэ бол бид өөрсдийн өв соёл түүхээ дээдэлж, судалж, бас дэлгэрүүлж, соёл уламжлалаа хадгалж хамгаалж үлдэх. Хамгийн эхэнд хийх хэрэгтэй хамгийн том алхам бол "Монгол бичгээ сэргээж төрийн бичиг болгох" үйл явдал болов уу. Хэрвээ энэ бүхнийг бид хичээгээд, зориод, олон саад бартааг даваад хийж чадвал бидний үр хойч биднээр бахархах, бидэнд баярлах болно гэж бодох юм. Хэрвээ та ч бас ингэж боддог бол энэ талаар сайн ярьж, бусадтай хэлэлцэж, бүр болдог бол байгууллага, холбоо байгуулаад энэ талаар тэмцээд нэгдээд ч явж болох байх гэж бодож байна. Хэрэв үүнийг хийхгүй бол 200 жилийн дараа таны ач шаахай өмсөөд, шавар ухаад, Чингис хаан Хятад хүн байж гээд түүхийн хичээлийг дунд сургуульд хальт мөлт заалгаад зогсож байхыг үгүйсгэхгүй л байх. Магадгүй Манж гаралтай Хятад хүүхдүүд, Өвөр Монгол хүүхдүүд ямар байдалтай байдаг бол? Асуултуудын хариуг таньд үлдээе...

Monday, October 12, 2009

Хэнд эрдэм бий болбоос түүн дор тус бий
Хэнд эе бий болбоос түүн дор нөхөр бий


Авах гээхийн дөрвөн мөрт шүлгээс

Wednesday, September 30, 2009

Надад зориулсан Төрсөн Өдрийн Бэлэг

Лаа гэрэлтэх лаврин үдшээр
Лавай цагаан сэтгэл үерлээд
Хаа эртийн мартагдсан зүүд
Хаалга тогшин дурсамж сэрээдэг
Анир намуухан цэнхэр өдрүүд
Алчуур шиг дэрвэн хийсэхэд
Гандсан навчны судалд нуугдсан
Гайхам өнгө нь үлдсэн байдаг
Ваартай цэцэг цонхны цаанаас
Вандуйн үр шиг өнчрөн ширтээд
Алсрах жилүүдийн торгомсог хөшгийг
Алгуурхан сөхөхөд намар болдог
Сар нарны амгалан орчлонд
Сайхан өдрүүд олон байдаг
Үдэж угтдаг амьдралын зөрөгт
Үлдэж хоцормоор анхилуун байдаг
Раамын уулнаа мөнхөрсөн аршийн
Рашаан сархад гэрэлтэй байдаг
Эгээрэх дорноос үүр цайх нь
Эртний гэгээн совин байдаг
Нас нэмж улирал солигдох нь
Намар хаврын зүүд байдаг

Sunday, June 21, 2009

Нэг л сайхан

Ардын сайхан дуугаа дуулахад, амандаа сүү балгасан шиг зөөлхөн, сайхан, эвлэгхэн байна.
Ардын сайхан дуугаа аялахад, сэтгэлд хөг, зүрхэнд баяр, ухаанд цараа нэмж байна.


Энэ дуу хэдий ардын дуу биш ч гэсэн ...

ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУ
Ая Ч.Сангидорж /УГЗ/ Үг Н.Цэдэв /док/про/

Энхрийхэн үр намайгаа
Ээж минь та яаж хайрладаг бэ
Энгүй тэр л хайраар чинь
Эгэл түмэн ээ би энэрч явна аа
Ээж минь та үрээ хараарай
Итгэж сонгосон эрхэм үйлстээ
Баяртай явна аа би
Ээж минь та наддаа итгээрэй
Алагхан үр намайгаа
Аав минь та яаж хайрладаг бэ
Үлэмж тэр хайраар чинь
Өргөн түмэн ээ би хайрлаж явна
Аав минь та үрээ хараарай
Андгайлж өргөсөн ариун тангарагтаа
Үнэнч явна аа би
Аав минь та наддаа итгээрэй
Хонгорхон үр намайгаа
Хүн ард минь та яаж халамжилдаг бэ
Хосгүй тэр л халамжаар тань
Хотол түмэн ээ би хайрлаж явна
Хүн ард минь үрээ хайрлаарай
Хүсэл бадарсан хүндэт үйлстээ урамтай явна би
Хүн ард минь та наддаа итгээрэй
Хүн ард ижий аав ч минь наддаа итгээрэй

Яг л амандаа сүү балгачхаад залгилж байгаа юм шиг ... зөөлхөн байна

Friday, June 19, 2009

7н сарын турш Би яг энэ дуу шиг байсан

Харин асуудал нэг тийш нь шийдэгдэх шиг болчлоо. Гэхдээ л энэ мэдрэмж хэвээрэй ...
Je Suis Malade - Dalida
дээр нь дараад сонсоорой
... sigh ...


Tuesday, June 9, 2009

Хөнгөн гуниг чалчаа
Гүн эмгэнэл дуугүй байдаг

Сенека

Monday, June 8, 2009

Би сайн хүн биш ...

Би сайн хүн гэж өөрийгөө бодож өөртөө итгэдэг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ би сайн хүн биш. Гэхдээ би бас муу хүн биш юм.
Би бусдын л адил жирийн л нэгэн хүн, жирийн л нэгэн. Би баярладаг бас гомддог жирийн л нэгэн арчаагүй хүн байж. Гэхдээ сэтгэлийн тэнхээтэй ирээдүйрүүгээ харж тэмцэж, хийж бүтээх их хүсэл надад бий. Шударга ёс, шударга зан, нэг нэгнээ хүндлэж хайрлах, хамгийн гол нь өөрийгөө биш бусдыг энэрэх, өөрөөсөө өмнө бусдыг гэх сайхан чанар надад байдаг шүү гэж баярладаг байлаа. Харин үүний минь тал нь хаашаа алга болчвоо хайгаад олохгүй юм. Энэ чигээрээ алга болчихвол харамсалтай юм. Гэхдээ одоо харамсахад ч оройтсон юм болов уу. Гэсэн ч би жинхэнэ Монгол эр хүн шиг үхсэн ч сэхсэн ч нэг л зангаараа байна аа би.

Thursday, April 23, 2009

Эрх мэдэл элстэй ижил зүйл.

Атгах тусам урсаж алга болно.

Ц.Д

Wednesday, April 8, 2009

Зан ааш сайтай байх нь насан туршийн баялаг
William hazlitt

Monday, April 6, 2009

Миний зүүд (Тайлал)

Хэдэн долоо хоногийн өмнө би ийм зүүд зүүдэллээ. Үнэндээ бол нэг их зүүдлээд байдаггүй л дээ бас зүүдэлсэн зүүдээ санадаггүй байсан юм. Харин энэ бол их өөр.

Би аав ээж хоёртойгоо гол даган сүрэг цагаан хонь хариулан явахдаа мориндоо нэг л монгол биш мордсон байх юм (яг л англи маягийн язгууртан хадагтай нар морь унахдаа хоёр хөлөө нэг тийш нь унжуулан явдаг шиг) харин аав минь морио жирийн монгол эр хүн шиг унаад ард явах юм, ээж бидний урд хонины зүүн захад түрүүлэн явж байх юм. Гол сайхан дөлгөөхөн урсаад л харин голын нөгөө эрэг дээр хүмүүс шуугилдан наашаа цаашаа холхилдон явж байх юм. Төд удалгүй хонид уул өөд өгсөн дээш явахад ээж бид хоёр хонио даган явав бололтой. Хонь явсаар хадны цаагуур орон бараа нь харагдахгүй болов. Энэ үед бидний урд нэг том хадан агуй (эсвэл байшин) тааралдах юм, гэтэл би тэр байшинруу чигээрээ яваад ороход, ээж тойроод гарахаар зүүн талаар нь явчхав. Энэ зүүдний минь хамгийн аймшигтай нь эхлээгүй байна, энэ бол би байшинд ороход тас харанхуй байх юм харин арын хана нь хаа нэг газраараа гэрэл шүүрсэн бага зэрэг завсартай нь харанхуйд тод ажиглагдах юм. Гэнэт миний ээж чоно гэж хашхирах нь чихэнд сонсогдох үед би тэр хадан ханыг өм цөм цохин гаргасан нүхээрээ багтаж ядан шургаж гарах хоорондоо чоныг үргээх санаатай хашхичин гуугалж байлаа. Харамсалтай нь хөх саарал чоно бидний хониноос нэгийг аль хэдийнээ хүүлчихжээ... Тэгээд л сэрчихсэн

Энэ зүүд санаанаас гаралгүй олон хоног гайхаж явсаар заримдаа хүнд хэлэхэд тоох янзгүй юм.

Өнгөрсөн сайн өдрийн нэгэн сайхан дулаахан өдөр Интер ном номын дэлгүүрт явж байтал С. Дуламын Монгол бэлгэдэл зүй "тооны бэлгэдэл зүй, өнгөний бэлгэдэл зүй, дүрсний бэлгэдэл зүй, зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй" гэсэн 4-н боть ном олж хараад Гэнэт өнөөх зүүдээ санаад зүүд зөн совингийн бэлгэдэл зүй номыг шүүрч аван Морь зүүдлэхэд ямар вэ гэж хайж гарав. Муугүй шүү морь бол монгол хүний зүүдэнд сайн сайхныг зөгнөдөг юм байна гэдгийн мэдээд санаа хэсэг амрав, харин морио яаж унасан талаар юу гэж бэлгэддэг гэдгийг нь олж чадсангүй. Хонь зүүдлэх бол яадаг юм бол доо гээд хайхад, эртний сударт монголчууд хонь зүүдлэх талаар бичигдэж үлдсэн зүйл байхгүй байв гэхдээ өөр бусад сурвалжаас энэ тухай олж нийтэлсэн байхыг олзуурхан баярлаж уншихад: Хонь бол нөхөрлөл гэж байхыг уншаад баярлав, ёр нь сайхан нөхөрлөлөөс сайхан зүйл байх уу даа. Гэтэл хамгийн сүүлд нь сүрэглүү минь хөг чоно орж байна гэж зүүдэлсэн шүү дээ...

Чоно зүүдлэх сайн ч тэр чоно хонин сүрэгрүү минь дайрдаг нь ямар утгатай юм бол оо...

Энэ зүүдэнд гарах бүхий л зүйл нэг л тод, нэг л өрнөлтэй, урьд өмнө нь зүүдэлж байгаагүй тийм тод яг бодит мэт, энэ зүүдийг тайлахад олон олон зүйл гарах мэт санагдаад байх юм. Бас тэр байшин шиг хадан агуй ямар учиртай юм бол доо, яагаад би чигээрээ ээж тойрч гарав аа, яагаад аав ард үлдээд хоцорчхов оо, тэр өдрийн цаг агаар яагаад тийм сайхан байхад гэгээн цагаан өдөр хариулгатай хонинд чоно халдаав... энэ бүхний бодоод гайхаад ажлаа хийж чадахгүй юм.

Thursday, April 2, 2009

Хэрвээ чи сайн бол өөрийнхөөрөө бай
Харин муу бол бусдынхаар яв

Tuesday, March 31, 2009

Өөхийг ...

Монгол хүн Монголоороо л байвал сайхан. Гэхдээ мэдээж муу муухай зүйл байвал засах нь зөв л дөө. Үнэндээ бол бид эртнээс нааш махаа идээд сүүтэй цайгаа уусаар л ирсэн шүү дээ тэгээд юу нь болохгүй байсан юм бэ болоод л байсан харин ч бүүр тэр халуун орны цагаан хоолтнуудаас илүү гээч, ой ухаанаараа бие бялдраараа илүү, хүйтэнд хөрж гадаа гандахдаа тэсэж даадаг нь хоол хүнснийх л шүү дээ. Үнэндээ мэргэжлийн үүднээсээ нэг зүйл хэлэх хэрэгтэй байх гэж бодлоо. Учир нь нэг хэсэг америкууд хийсэн судалгаагаар өөх идэх нь судас хатууруулдаг холестрин нэмэгдүүлдэг учраас өөх хортой өөхнөөс л муу юм байхгүй гээд яриад эхлэнгүүт л Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй алив юманд амар автах зангаараа хандаж өсөхдөө хөхөж өссөн уураг сүүлээ хүртэл ад үзэж ярвайх болсон. Харин оливийн тос бол сайн хамгийн сайн тос омега 3-тай гэнэ. Оливийн тос муу биш л дээ гэвч омега-3 чинь бидний хоол хүнсэнд ч гэсэн байдаг шүү дээ яагаав өөхөнд.

Бүүр бидний бүхэл бүтэн нэг үеийн залуучууд тийм болжээ. Гэтэл өөх идлээ гээд бүх Монголчууд судас нь хатуурч үхээгүй л байна шүү дээ. Харамсалтай ч гэх үү инээдтэй ч гэх үү саяхны судалгаанд Өөх нь холестрин нэмэгдүүлдэг гэхдээ багаасаа өөх идэж дасаагүй тийм организмд л ийм үзэгдэл болдог нь батлагдсан. Тэгэхээр багадаа өөх гэхээр ярвайж аав ээжийнхээ аягаруу нь хийдэг байсан хүүхдүүд магадгүй судас хатуурах өвчинд амар өртөх эсвэл хорт хавдар тусах магадлалтай юм. Яагаад гэхээр бидний хуушуур бууз гээд л бараг бүх л хүнс өөхтэй, тос агуулсан ихэнх бүтээгдэхүүнд холестрин байдаг бөгөөд багахан холестрин орж ирэхэд чиний бие задлан ашиглах чадваргүй учраас хуримтлагдах болно. Яван явсаар өвчин болох юм. Эсвэл омега-3 аа авахгүй байсаар байтал биед хавдрын шинж тэмдэг үүсэхэд, уг хавдар эрх чөлөөтэйгээр урган томрох биз дээ. Үүх түүхээ өвөг дээдсээ эсэргүүцэж юм болгон нь буруу байж бүгдээрээ тэнэг байсан байна харин би л ухаантай тэднээс хавьгүй дээр гээд боддог болсон одоогийн хүмүүс харамсах цаг ирэх байх. Алив зүйлд өөрийнхөөрөө тэгээд бас ул суурьтай учир начиртай хандъя.

Sunday, March 22, 2009

Амьдрал бол уул юм
Бид удаан өгсөж Түргэн урууддаг

Моппасан

Tuesday, March 17, 2009

Дархан орныхоо бурхан хилийг

Далай Монголынхоо гэгээн голомтыг

Эрийн ёсоор амгалан манах

Эрэлхэг зоригт эр хун танд баярын мэнд хүргэе!!!

Бүгдийг нь таних юм байна

Иргэний бvртгэл мэдээллийн улсын тєвєєс Монгол улс дахь хамгийн тvгээмэл нэрvvдийг жагсаасан байна.

Хамгийн тvгээмэл тохиолддог нэрсийн статистикийг дараах нэрс тэргvvлж байна.

1. Оюунчимэг нэртэй хvн 13,198 байдаг бол

2. Алтанцэцэг 13,170

3. Энхтуяа 11,994

4. Батбаяр 11,498

5. Эрдэнэчимэг 11,374

6. Болормаа 11,144

7. Ганболд 11,083

8. Отгонбаяр 11,080

9. Бат-Эрдэнэ 10,862

10. Наранцэцэг 10,805

11. Лхагвасvрэн 10,611

12. Оюунцэцэг 10,466

13. Ганбаатар 10,359

14. Баярсайхан 10,181

15. Нарантуяа 9,877

16. Ганзориг 9,726

17. Батжаргал 9,443.

18. Нэргvй 9,443

19. Энхжаргал 9,426

20. Батсайхан 9,059 байдаг аж.

Monday, March 2, 2009

Зүйр үг

Хаан хүн жаргахдаа
Төрийн сайнд жаргаюу
Харц хүн жаргахдаа
Эрийн сайнд жаргаюу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийн сайнд жаргаюу

Илжиг шиг зөрүүд
Зараа шиг хэдэр

Нэг тэмээний шээсэн дээр
Мянган тэмээ хальтрах (гэх шиг)

Уруул шүд хоёр шиг эвтэй
Уушиг зүрх хоёр шиг холбоотой

Аавдаан авгай авахыг зааж
Ээждээн утас ээрэхийг заах

Адгуус амьтанд дайсан олон
Албат хүнд ноён олон

Адуу азаргагүй бол
Сүрэг болж чадахгүй
Галуу тэргүүнгүй бол
Цуваа болж чадахгүй

Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч

Алтны дэргэд гууль шарлана
Сайны дэргэд муу сайжирна

Ах нь хэлдэг
Дүү нь сонсдог

Ам нэг хэлтэй
Ажил нэг чигтэй

Асуух гэдэг лавлахын нэр
Авах гэдэг өгөхийн нэр

Асгасан усыг хураахад бэрх
Хэлсэн үгийг буцаахад бэрх

Би гэсэн ганцаараан
Бид гэсэн олуулаан

Богдорхож бурхан болохгүй
Хаанчирхаж эзэн болохгүй

Бөхтэй бүхэн тэмээ биш
Эвэртэй бүхэн буга биш
Будан татаад арилахад
Хөх чоно урвайдаг
Буруу ажлыг зэмлэхэд
Хүүхэд хүнгүй урвайдаг

Бухгүй үнээ
Бордоогүй тариа

Ганган эхнэртэй хүн
Өрнөөс салахгүй
Ганц тэмээтэй хүн
Эрлээс салахгүй

Ганц тэмээтэй хүнд
Эрэл тасрахгүй
Хоёр эхнэртэй хүнд
Хэр
үүл тасрахгүй
Гомдлыг уураар тайтгаруулдаг
Галыг тосоор унтраадаг

Гэрийн хэлхээ тооно
Гэдэсний хэлхээ хоол
Төрийн хэлхээ хууль
Төрлийн хэлхээ нагац

Дэр нэгтэй боловч
Санах санаа нь ондоон

Дээр нь дээжийг нь амсч
Доор нь домбыг нь түших

Дээгүүр суух тэнэгийн шинж
Дээжинд дурлах ховдогийн шинж

Жигүүргүй шувуу байдаггүй ч
Нисэхдээн мэдэгдэнэ

Эвгүй хүн байдаггүй ч
Харилцахдаан мэдэгдэнэ.

Журам ёс ярина гээд
Зусар хэлбэл шившигтэй
Зузаан янаг явна гээд
Зуурдаан салбал шившигтэй

За, за гэсэн хүн
Хийх нь хол
Завар, завар гэсэн морь
Хүрэх нь хол

Залилах гээд замаан алдана
Зандрах гээд хүндээн алдана

Зүснийхээ мууг мэдэхгүй
Толион муулах
Зүрхнийхээ мууг мэдэхгүй
Нөхрөө муулах

Зэмлэх үгний ил нь бахтай
Магтах үгний далд нь урамтай

Инээсэн бүгд итгэлтэй биш
Эрдэмтэн бүгд тустай биш

Магтвал тэнгэрт тулгаж
Муулвал газарт оруулах

Sunday, March 1, 2009

Онч үгсийг хэрэглэвэл Үг цөөн утга агуу болно.

Марк Твен

Saturday, February 28, 2009

Сургаал үг

Нойртой хоноё гэвэл
Нохойгоо хоолло
Ноён сууя гэвэл
Зарцаа хоолло
Амсах рашаан тань алтан аяганаас
Өмсөх хувцас тань үйтэн хуараас
Эдлэх жаргал тань элэг бүтнээс
Эрхэмлэх хүсэл тань цагаан сүүнээс эхтэй байг

Monday, February 23, 2009

Гурван нөхөр

Тус болох нөхөр гурав,
Ус болох нөхөр гурав болой.

Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно.

Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялдууч, цуурхай амт нөхөр болой гэжээ.

Ном бол үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр мөний тул танд хань болж чадна.