Friday, January 8, 2016
Хайран хайран гэхэд хамгаас хайран хүний амь
Thursday, September 20, 2012
Өсрсн цусн
Тасрсн махн
Ор hанцхн келтә биләвдн
Нүүhәд йовсн таниһән санхла
Нүдм нулмьсар дүүрнә
Улан чирәтә
Төрлмүд мини
Улан залата хальмгуд
Өргн седклтә
Энкр хальмгуд
Өндәҗ намаг
Теврҗ умслә
Өлhәдән бәәсн таанртаhан
Өдр болhн золгҗ йовнав
Эргәд хәрхтән байрта йовнав
Ингьшәд ирхтән дуулад ирнәв
Өдр сө уга хамдан суугад
Ээҗин чансн цәәhән уухм
Tuesday, July 17, 2012
Заавал уншаарай
Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд "Еэ чиний ээж өрөөсөн нүдтэй юм байна лээ." гэж ангиар дүүрэн хашхирахад нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж билээ."Яагаад заавал би гэж" хэмээн бодсоор гэр лүүгээ зүглэхдээ ээжийгээ бүүр ч илүү үзэн ядав.Гэртээ орж ирээд л шууд "Та яагаад зүгээр үхээд өгч болдоггүй юм бэ?" гэж асуув.Ээж юу ч хариулсангүй.Би энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо.Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийгээ ямар хүнд хэцүү байдал оруулж байгаа тухай огтхон ч бодоогүй.
Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа больж,зөвхөн маш шаргуу суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болохоор гайгүй сайн мэргэжил эзэмшиж гэр бүлтэй ч боллоо.Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов.Миний аз жаргалтай амьдралын маань утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа.Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүйн дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ.Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв.Ээж хаалганы дэргэд зогсчихсон,хүүхдүүд ээжийг хараад инээлдэн зогсоно.Би урилгагүй зочноос төвөгшөөж,бас уурсан"Та яах гэж ирж байгаа юм бэ?Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ?Бушуухан эндээс явж үз"хэмээн хашхирах шахуу хөөлөө.Ингэж хэлүүлчхээд ээж"Уучлаарай би айл андуурсан бололтой,намайг уучлаарай" хэмээн эргэн алхахдаа өрөөсөн нүдэндээ нулимс мэлтгэнүүлж байсан.Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгширчээ.Өрөөсөн нүдтэйн дээр нуруу нь бас бөгтийчхөж.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж,би эхнэртээ өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хотдоо очлоо.Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив.Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан.Би үүнийг сонсоод ганц ч дусал нулимс унагаагүй.Харин ээжийн надад бичсэн захидлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан.
"Хайрт хүү минь.Би чамайгаа бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө гэж байгаагүй.Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа их харамсаж байна.Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамайгаа хэрхэн өөрчлөгдсөнийг сайн харж чадаагүй....
Хүү минь чи жигтэйхэн байхдаа осолдож өрөөсөн нүдээ алдсан.Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлонг туулахыг тэвчиж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм.Хайрт хүү минь чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж,ээж нь хүүдээ ямар хайртай байсныг санаж яваарай.Чиний ээж"гэсэн байлаа.Энэ захидлыг уншаад би хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйлсан.Энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг.
https://www.facebook.com/Babu247
Friday, July 13, 2012
Тэнд хүрэхсэн
Б. Оюундалай
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн
Гал хүрдэн нарыг наана нь халхлах үүлгүй
Ган ирт мэсийг нууж билүүдэх хүнгүй
Жаахан од байдаг ч залгигдсан од байдаггүй
Номхон од байдаг ч Нухагдсан од байдаггүй
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн.
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн
Үүднээсээ дүүжилдэг оньсыг тэнд лав хэрэглэхгүй
Үзлээсээ тэрсэлсэн шүлгийг тэнд лав бичихгүй.
Дуртай дуугаа дуулахад тэнд лав хилсдэхгүй
Тушаа гинжтэй хүнийг тэнд лав үзэхгүй
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн.
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн
Элэнцийн үлдээсэн голомтынхоо
Галыг аваад очих юмсан
Эргэж хандахыг мэддэггүй
Ганган тэмээгээрээ хүрэхсэн
Нохойгоо хаяад явахсан
Сарыг нь хуччихвал яана вэ
Нулимсаа орхиод явахсан
Садруулж суудаг ч орон биш дэ
Тэнд хүрэхсэн тэнгэрт хүрэхсэн.
"Уранхай Дарвуул" түүврээс
Friday, June 22, 2012
Цомбон туурайтай хүрэн (Монгол ардын дууны үг)
Цохилсон хар алхаатай
Цовоо янзын Эгиймаа нь
Цочоод сэрэхэд санагдлаа
Дунд ухаагийг эхэнд
Дуутай мөндөр шаагина
Дурсгал болсон Эгиймаагийн
Дууг нь сонсоход содхондоо
Бараалан харагдах хөндий нь
Байсан нутгийн бараа даа
Багын амраг Эгиймааг
Барааг нь хараад баясана даа
Нүүгээд явсан нутаг нь
Нүүгэлтэж бараантаад харагдана
Нүүдлийн хойноос харахад
Нүдээр дүүрэн нулимстай
Ачаалаад явсан ачаа нь
Арын замаар ганхана
Ачааны хойноос харахад
Алаг нүдэндээ нулимстай
Оонын хоёр эврийг
Ороож зангидаж болддоггүй
Орчлон хорвоогийн жамыг
Огоорч мартаж болддоггүй
Жич: Энэ дууны үгийг олж өгсөн @Enkhjin_B @Miyegombo хоёрт талархлаа
Sunday, January 8, 2012
Thursday, May 27, 2010
Аав ээж хоёр минь
Эрдэнээр эрдэнээр уйлав ч
Эргэж олдохгүй ээж минь дээ
Алтаар алтаар хайлав ч
Ахиад заяахгүй аав минь дээ
Хүний дайтай яваа гэж
Хүү дээ итгээрэй ээж минь ээ
Олондоо тустай яваа гэж
Охиноороо (Хүүгээрээ) бахдаарай аав минь ээ
Эрдэнээр эрдэнээр уйлав ч
Эргэж олдохгүй ээж минь дээ
Алтаар алтаар хайлав ч
Ахиад заяахгүй аав ээж хоёр минь дээ
Wednesday, May 12, 2010
Хөөрхөн охин
Амьдрал дандаа сайхан байдаггүй, амьдрал хүн бүхэнд тэгш байдаггүй, хүн хүнээр дутаж ганцаарддаг гэдгийг түүний бичлэгээс улам тодоор мэдрээд, хүнд хэцүү үед урам зориг хайрлах найз нөхөд бидэнд хамгаас илүү хэрэгтэйг байдгийг ахин ойлгож авсан билээ.
Харин түүний хэлсэн үгнээс “Ганцаардаж, шаналж явахын оронд эртхэн блог нээж бичиж байхгүй яав гэж бодоод л сууж байна” гэсэн энэ хэсэг нь хамгийн гайхалтай байсан юм. Одоо тэр ганцаардахаа байж ээ, одоо тэр бас гутрахаа байж. Ингээд түүний блогт сэтгэгдэл бичиж урам зориг хайрласан олон хүмүүс хамтаараа нэг хүнд тэмүүлэл итгэл найдварыг өгч чадсан нь хамгийн агуу билээ.
Харамсалтай нь би тэрийг хэн байсныг хэзээ ч олж мэдэхгүй тэр намайг хэн гэдгийг ч гэсэн хэзээ ч олж мэдэхгүй болж. Учир нь тэр 2010 оны 5 дугаар сарын 3н аас эхэлж бичсэн 10 хоногийн настай блогоо устгаж. Нийт 4 н бичлэгийн сүүлчийнхийг нь Google reader ашигладаг байсны хүчинд л алдалгүй уншлаа харин сэтгэгдэл бичих гэтэл нэгэнт оройтсон байж. Ингээд түүний сүүлийн бичлэгээс “Удахгүй энэ блогоо хаанаа. Би нэлээн гэгээлэг блог нээнэ гэж бодож байгаа. Энэ блогоо принтлэж аваад дүү охиндоо уншуулах гэж байгаа.Би дүү нарынхаа ирээдүйд санаа их зовдог.” Үүнийг олоод, блогоо устгасан л болохоос энэ хүн бидний дунд амьдарсаар хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах агуу сэтгэл, хэзээ ч үл шантрах хатан тэвчээрээ хадгалсаар байгаа даа гэж бодоод санаа амрав.
Thursday, May 6, 2010
Энэ мөрүүд санаанаас гарахгүй үргэлж намайг зовооно
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хөндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Yл шингэх идээ идэлцэж
Нэг хөнжил нөмөрч
Нэг санал санаж явлаа.
Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
Хөнөөх үгэнд автагдаж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нүүрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгүй хэлэлцсэн
Урьдын үгийг санаж
Улаан нүүрнийхээ арьсыг
Уруулж өвчүүлсний адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовч явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нөхцөе гэжээ.
Нөхцөх цагт
Нөхцсөнгүй, би
Тэмүжин чи
Түмэн улсыг
Төвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шөнийн
Зүүд болж
Гэгээн өдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бөөс
Эгмийн чинь өргөс
Болох биз, би.
Атаат эмийн үгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хүртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ.
Далан гурван хүлэгтэй
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мөхөв, би чинь
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргүй
Идтэй сайн дүүгүй
Илүү дутуу үгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмүжин чамд дийлэгдэв, би
Анд нөхөр минь соёрхож
Амийг минь үтэр тонилговол
Ариун зүрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгүй
Алуулж өршөө, намайг
Yхэж хэвтэх яс минь
Yржилт эх дэлхийд
Yүрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерөөлийг тавъя
Өөр төрлийн би
Өндөр төрөлт андын
Өмөг сүлдэнд дарагдав
Хүсэн үгийг минь
Мартахгүй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Saturday, March 27, 2010
Нострадамус 20-р зууны тухай 72-р дөрвөн мөрт
Анх блог нээж байхдаа оруулж байсан бичлэгээ ГОГО блогоос оллоо ... өмнө энэ блогт хэвлэж байгаад нүүлгэхдээ устгачихсан юм байна.
Агуу зөнч Нострадамус 20-р зууны тухай 72-р дөрвөн мөртдөө
In the year 1999 and seven months,
From the sky will come a great King of terror.
The great king of the Mongols will be resuscitated,
Before and after Mars reigns by good fortune.
энд бас эх хэл дээр нь буюу эртний Франц хэл дээр байна
L'an mil neuf cens nonante neuf sept mois,
Du ciel viendra un grand roi d'effraieur :
Resusciter le grand Roy d'Angolmois,
Avant aprиs Mars rйgner par bonheur.
Орчин цагийн Франц хэлэнд хөрвүүлбэл
En juillet 1999 un grand chef effrayant viendra d'Asie et ressuscitera le grand roi de l'Angourmois ou des Mongols. Avant et aprиs 1999 la guerre (Mars, dieu de la guerre) rйgnera par bonheur.
Гэсэн байх юм даа үүнийг би уран яруу, сайн орчуулж чадахгүй л дээ гэхдээ ингэж ойлгож болно. "1999 оны долдугаар сард Ази тивийн нэгэн Агуу удирдагч аймшигтайгаар эргэн ирэх бөгөөд Монголын Их хаан дахин сэрнэ. 1999 оны Марсаас (дайны бурхан Марс)(дайн) Өнөд хойшид сайн сайхан аз жаргал тогтох болно".
Monday, March 8, 2010
Сул талаа нуухын оронд засахыг хичээ
Алдаа мадаггүй арван хуруу тэгш, сул талгүй сумны мөс мэт тэгш шулуун хүн энэ орчлонд үгүй. Хүн бүр өөрийн гэсэн сул талуудтай, алдах тавиланд төрсөн. «Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар». Хүмүүс алдаагаа ухаарч чадах эс чадах, алдсан алдаандаа дахин бүдрэх, эс бүдрэх, гаргасан алдаагаа засах, эс засах зэргээрээ л ялгагдана. Алдаагаа өрөө ойлгож, ухаарч, засч чаддаг хүн – сайн хүн. Алдсан алдаагаа мэдэж ухаарахгүй мугуйдлан зөрүүдлэх нь хүний хамгийн харамсалтай сул тал. «Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг. Нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг» гэж нэгэн нэрт зохиолч бичжээ. Алдаагаа ухааралгүй зөрүүдлэгч нэг бүдэрсэн гадсандаа дахин дахин бүдрэх нь гарцаагүй. Ухаалаг, сэрэмжтэй хүн нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй. Алдаагаа ухаарсан хүнд дахин тийм алдаа гаргахгүй байх сэтгэл зүйн дархлаа төлөвшинө. «Өөрийн буруутайг ухаарах нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж». Алдаагаа ухаараагүй хүнд түүнийг засах тухай ойлголт байхгүй. Алдаагаа мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг дүр эсгэж, алдсан алдаагаа үг хэлээрээ, үйлдэл хөдлөлөөрөө нууж хаацайлахыг зүйл бүрээр оролддог сул талтай, ухаан муутай хүмүүс бий. Тийм хүмүүс алдааны намаг балчигаас гарч чадахгүй гүн шигдэж, улам бүр зууралдан алд дэлмээр ахин дахин алдана. «Сул талуудаа нуухын оронд засахыг хичээ». Муу нуухаар сайн илчил ч гэсэн үг бий.
Хүний хэлж ярьсан болгоныг хүлцэнгүй хүлээн зөвшөөрч, аялдан дагалдах нь сайны шинж биш. Хүний хэлсэн ярьсаны эсрэг зөрөхийн тулд зөрдөг, тийм гэхэд үгүй гэх, үгүй гэхэд тийм гэх, тэмээ гэхэд ямаа гэх зөрөөгүй зөрүүд байх нь адгийн шинж. Буруу ишлэсэн сүх шиг зөрүүд зан бол хүний утга учиргүй сул тал. Зөрүүд зан бол ядмаг ухаан, харанхуй бүдүүлэг байдал, бардам зангийн мунхрал мөн». Үнэний эсрэг худлыг сөргүүлэн тавих ухаангүй зөрүүд, зөвийн эсрэг бурууг зөрүүлэн тавих урагшгүй бүдүүлэг хүнтэй асуудал хэлэлцэж учрыг нь олж, хужрыг нь тунгаах боломжгүй. Зөвийг зөвлөсөн үгийг сөрж сөргөн үйлдэж, зөвийн амсраас хальж, буруугийн ангал руу ойчих нь зөрүүдлэгчийн гэм биш, зан. «Ихэрхэг бөгөөд зөрүүд зантан хэний ч зөвлөлгөөг сонсохгүйгээр бүхнийг өөрийнхөөрөө хийдэг ба мөдхөн өөрийн төөрөгдлийн золиос болдог».
Өөрийн гэсэн бодлоор долоо хэмжин нэг огтолж, алдаа мадаггүй шийдвэр гаргадаг ухаалаг зөрүүд зан бол хэн ч өөлж гоочлох сул тал биш, хэний ч өмнө нүүр бардам давуу тал. Тус болохгүй, ус болох, гавьяа байгуулахгүй, гай тарих зөрүүд гөжүүд зангаа төрөлхийн учраас өөрчлөгдөхгүй гэж өмгөөлөх, заяамал учраас засрахгүй гэж хамгаалахын хэрэгцээ чамд үгүй. Уужуу бодол, ухаалаг оролдлогоор хичээвэл зөрүүдлэх сул талаа аажим аажмаар засч, давуу тал болгож болно. Гагцхүү зөрүүд зангаа засъя гэх эрүүл саруул бодол тархи толгойд чинь эргэлт буцалтгүй орж ирсэн байх ёстой.
Тэвчээргүй зан нь хүмүүсийн түгээмэл сул талуудын нэг. Тэвчээргүй зангаасаа болоод түүгээр өнгөрч явсан гайг үүгээр дуудан авчрах ухаангүй үйлдэлтнүүд цөөнгүй. Тэвчээргүй байдлаасаа болж өөрийн амьдралдаа өөрийн гараар хор хүргэхийг харахаар толгой эргэж, дотор бачуурам харамсалтай. Жаахан тэсвэл даваад гарчих бэрхшээлийн өмнө сөхөрч, тэвчээд өнгөрч болох зүйлийн талаар ам алдан дуугарч, амгалан тайван байсан газарт аянга цахилгаан буух мэт болгох зэрэг тэвчээргүй зангаасаа болж өөрийгөө хорлох болчимгүй үйлдлүүдийг тоочих аргагүй. Холын аянд гарсан хүн боргож буй нохой болгон руу чулуу шидэх албагүй гэдэг шиг, үг сөрж хэрүүл өдсөн болгоны өөдөөс өрвөсхийн уурлаж хариу барих албагүй, биеэ барьж, тэвчвэл өлзийтэй. Тэсээд өнгөрчихөж болох цөөхөн хормыг тэвчээд давчих чадвар дутвал уучилж боломгүй алдаанд орох осол эндэгдэл отон хүлээж байдгийг ухаарах хэрэгтэй.
«Газар дээрх дээд зэргийн тэвчээрүүдийн нэгэн нь биеэ барих чадвар байдаг». Хамгийн энгийн тэвчих зүйлийг ч тэсвэрлэх тэвчээр суух хэрэгтэй. Байгалийн түр зуурын халуун, хүйтнийг тэсвэрлэж чадахгүй халиран хавчиганах хүн, амьдралд тохиож болох халуун хүйтэн там мэт шалгуурыг тэвчээр заан тэсч гарна гэдэг эргэлзээтэй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг юм болгон дээр түрүүлж дуугарах гээд байдаг тэвчээргүй амаа хамхиж байхгүй бол болохгүй. Хийж эхлэх болоогүй зүйлийг юуны ч туханд хүрэлгүй, ямар ч бэлтгэлгүй хам хум хийж эхлэх яаруу адгуу зан тэвчээргүйтэй нийлбэл онохоосоо алдах нь их байна. Аливаа ажил асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, үр дүнг тэвчээртэй хүлээх хэрэгтэй. «Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг». Тэвчээргүй хүн ажилд эхэлж гар хүрдэг ч үр дүнг сүүлдэж үзнэ. Үзэхгүй, замын хугасаас буцаж ч мэднэ. Чи өөрөө хүсээд хичээвэл тэвчээргүй зангаа амархан засчихаж чадна.
Хүний сул талуудаас бусдад хал бал багатай хэрнээ өөртөө хорлолтой нь нэрэлхүү зан. Нэрэлхүү хүн хоол идээгүй мөртлөө идсэн гэж хэлчихээд өлсөж явах, мэдэхгүй зүйлээ аль эрт мэдсэн дүр эсгэх, хийж чадахгүй ажлаа чадах юм шиг царайлах, эцсийн дүндээ өөрийгөө хохироогоод хоцордог зовлонт хувь тавиланд цаг үргэлж талхиулж явдаг. «Нэрэлхүү зан – бидний дотоодод өөрсдийн маань эсрэг үйлчилдэг аймшигт хүч юм». Нэрэлхүү зангаас худал хуурмаг үргэлж ундран урсч байдаг. Тийм болохоор нэрэлхүүгээс шударга байдлыг хүлээгээд нэмэргүй. «Тэнэг байдал, нэрэлхүү зан хоёр салшгүй анд найзууд». Үнэн бодит байдлаа, дорой дорд байгаагаа хүнд мэдэгдүүлэхгүйн тулд нэрэлхүүчүүд өөрсдийгөө тэнэг байдалд хүртэл аваачих нь энүүхэнд. Нэрэлхүү зантай хүн өөрийгөө хүндлэх мэдрэмжээ нэрэлхэх тоолонгоор зугуухан хаяж гээдэг. Нэгэнт өөрийгөө хүндлэхгүй учир бусдын хүндлэлийг хүлээхгүй, харин ичгүүр сонжуурыг хангалттай хүртэж, элдэв муу үгний бай болно. «Нэрэлхүү зан бол хамгийн хүчирхэг хүсэл тэчьядал байдаг. Энэ тэчьядлаас намайг авар, харин бусдаас нь би өөрөө салж чадна» гэж нэгэн нэрт зохиолч бичсэнийг харахад хүний энэ сул тал өөрт нь ямархуу зовлон зүдүүр авчирдаг нь илхэн байна. Нэрэлхүүчүүд өөрийн сул талаа хамгаас илүүтэй нууж хаахыг чармайдаг. Уг нь нууж хаах гэж зовж байснаас нэрэлхэхээ больж, бодит төрхөө ил гаргахыг хичээх хэрэгтэй юм.
Биеэ барих чадвар чамд ундаалах ус, амьсгалах агаар мэт хэрэгтэй. Чам дээр магтаалын хур бууж мэднэ, тэгвэл өөрийгөө норгочихгүй байх шүхэр бэлдсэн байх шаардлагатай. Магтаалын шаагисан бороонд нэвт норчихгүй байх хамгийн сайн шүхэр бол биеэ барих чадвар. Магтаалын хур бууж байх үед биеэ урьдаас илүү барь, эсгүүр хийж зуурсан гурил шиг хөөж сагах хэрэггүй. Магтаалын хур буусны маргаашнаас жирийн өдрүүд үргэлжлэх тул жирийн өдрүүдэд байдаг шигээ, өөрийн байдгаараа, энгийн даруу бай. Чам дээр зэмлэлийн аадар асгарч, үер бууж мэднэ. Зэм хүртээд, үерт нь урсчихгүй тэсэхэд биеэ барих чадвар чинь чамд тусална. Аадрын дараа нар гардаг жамтай тул биеэ бариад тэсээд өнгөрөөх хэрэгтэй. Магтаал, зэмлэл хоёрт зохих байрандаа, тайван түвшин байж чадаж байвал, биеэ барьж чадахгүй дүрэлзэх сул талаасаа салж хөндийрч байна гэж бод. «Зохих байрандаа байх нь сэтгэл зоригийн гол эх булаг мөн». «Биеэ барих чадвар нь бусад бүх чанарын адил дасгалаар хөгждөг» гэдгийг анхаараарай. Биеэ барьж чадаагүйгээс алдсан гунигтай бөгөөд гутамшигт мөчүүдээ сэргээн санаж, тийм нөхцөл дахин үүсэхэд алдаагаа давтахгүй байх сэтгэл зоригоо чандлан бэлдэж, дасгах хэрэгтэй.
«Амьдрал дахь хамгийн эхний, хамгийн гол зүйл бол өөрөө өөрийгөө эзэмдэхийг эрмэлзэх явдал» гэдгийг залуу хүн бүр ухаан бодолдоо тод тогтоож, бат шингээж авах хэрэгтэй. Сул талуудаа үргэлж мэдэж, байнга мэдэрч, тэдгээрийг нууж хаацайлахыг оролдох биш, засахыг хичээ. «Жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаардаг» юм. Жинхэнэ хүчтэй хүн байхыг эрмэлз, чи тийм байж чадна.
Нацагийн Багабанди
"
Tuesday, January 19, 2010
Мөрдөнгийнхөнтэй уусан хэдэн шил шар айраг
Одоогийн хүмүүс муухай болчхоо юу, Монгол хүмүүс муухай болчхоо юу? Эсвэл тэд л ийм болчихсон юм уу бүү мэд. Аймшигтай, ганц хоёр шил шар айраг задалсан биш тэдний ямар хувиа хичээсэн, ямар өөдгүй, бас төрийн, хүний төлөө биш зөвхөн өнөө маргаашийн төлөө үнэн шударгыг умартан амьдарч байгааг мэдрэхдээ ой гутаж үхмээр болсон юм. Манайд нэг үг байдаг даа “тавхан үгэнд танигдаад байна” гэж. Үнэндээ хэрвээ хэрэгт орооцолдвол баян байхгүй бол ямар ч хэрэггүй, хүчтэй нөлөөтэй байхгүй бол ямар ч нэмэргүй, бүүр цагдаад очсоны гарз харин чиг өөрөө хохирсон биш ахин хэрэгтэн болж дааж давашгүй ял сонсоод хохирох нь энүүхэнд, Хэрвээ чи эмэгтэй тэгээд бас царайлаг, аав ээж, найз залуу чинь хүн хараад сүрдчихээр нөмөр, нөлөөгүй бол ямар ч эд зүйлээ алдаад, эрх чөлөөндөө халдуулан хохирсон байв ч цагдаагийн газар очвол үнэн мөнийг олж тунгаах нь санасны гарз юм шиг ээ, давхар хохироод л өнгөрөх янзтай юм аа. Наанадаж цагийн гарз. Гүэ ингээд бодохоор уйлмаар ч юм шиг гутармаар ч юм шиг эсвэл яамаар ч юм бэ бүү мэд дотор давчдаад олон сар бодож явснаа энд нээчихлээ. Гэхдээ олон хүн сайнтай муутай гэгчээр тийм биш нь ч байгаа байх л даа гэж сэтгэлээ зогоохоос.
Үүгээр бүх хүнийг бүх хүчнийхнийг хэлэх гэсэнгүй ч хүний мөс ялангуяа Монгол хүний мөс дэлхийн дулааралд хамгийн ойр байж хайлж дуусаад тэр их усан үер нь бидний ард түмнийг нөмрөхдөө ах зах, ёс журам, шударга үнэн гэх олон олон үнэт сайхан зүйлийг минь угааж урсган, тээж ирсэн лаг савар болох шунал хүсэл, эд мөнгөний өмнөөс эхнэр хүүхдээ худалдаж, эр нөхрөө хөнөөж, эх орноо, эрх чөлөөгөө арилжих ичгүүртэй бүхнийг, дааж давашгүй энэ бүх муу муухайг авчраа юу даа.
Үнэндээ Монгол хөгжихгүй байгаад хэн буруутай вэ? Сайд дарга нар уу? Улсын Их Хурлын гишүүд үү?
Үгүй байх аа та өөрөө л буруутай. Та өөрөө эх орноо хайрладаггүй, хаа хамаагүй ялгадсаа унагааж, муу муухай хог новш бүхнээ өөрийн амьдардаг орчиндоо хаяж яг л өт хорхой өмх махыг өмхийрүүлэх шиг өвчин зовлонгийн үрийг тарьдаг, та өөрөө эх орноо хайрлалгүй хуулиа аль ч төвшинд зөрчдөг, та өөрөө юу хийдгээ санаарай, та өөрөө эх орны хөгжлийн төлөө юу хийснээ бодоорой.
Одоо яамаар байна. Энэ чигээр нь орхиод хувь заяандаа сохроор найдаж Өвөг дээдсийн сүнсэнд залбирах уу?
Wednesday, December 9, 2009
Уран зураг гэж гайхан биширч ярьсан хүмүүсийн яриаг сонсоод төдийлөн ойлгодоггүй байлаа
Шарагдсан мэлхий
Уг зургийг авч Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгрүү явуулсан залуу иймэрхүү тайлбар бичжээ.
Энэ нь өмнөд Флорида дахь манай гэрийн ард модон дээр байсан Кубын модны мэлхий юм. Тэр яагаад, яаж энэ гэрлийг залгисан нь сонин юм. Энэ зургийг авч байхдаа уг мэлхийг дотроосоо шарагдаж үхсэн байна гэж бодсон боловч миний буруу гэж хэлэхдээ баяртай байна. Учир нь хэдэн зураг авсны дараа тэр хөдөлж байсан юм. Зураг авч дуусаад амнаас нь гэрлийг сугалан авахад тэр их баяртай байлаа. Гэхдээ гэрлээс салгах үед тэр тийм ч баяртай байгаагүй гэж бодож байна.
нэг иймэрхүү
Би байсан бол энэ мэлхий саваагүйтээд гэрлийн чийдэн залгичихсан байна хөөрхий даарсандаа дулаацах гэсэн юм байх л даа яагаад гэвэл мэлхий чинь хүйтэн цустай амьтан болохоороо наргүй (сүүдэрт) биеийнх нь дулаан буурч хөдлөхөө байчихдаг юм. гэж ирээд л таамаглал дэвшүүлээд түүнийгээ батлах гэж бичих байсан байх даа. Харьцуулаад бодсон чинь асуудлыг шал өөр өнцгөөс харж байх юм даа. Уг нь бол эд нартай ижил сэтгэж байж л хэлээр нь ямар ч ялгаагүй чөлөөтэй ярих байх. Ай даа яаж англи хэлийг өөрийн хэл шиг сурна даа.
Гэхдээ та нар нэг зүйл анзаарч байна уу сүүлийн үеийн залуучууд бас болоогүй ээ кино телевизийн орчуулгууд бүгд л Монголоор биш нэг л холимог сэтгэсэн өгүүлбэрээр ярьдаг болчихсон байна лээ. Аягүй бол би ч гэсэн өөрөө тэдний нэг нь болж байгаа байх.
Жишээ нь нэг кинон дээр Миний хүү, чи ээжийгээ жаргалтай байлгаж чадах уу? ГЭНЭ ҮҮ Уул нь Миний хүү, чи ээжийгээ жаргалтай байлгаж чадах юм уу? ( бүүр эсвэл чадхымуу гэмээр юм) Зүгээр л "чадах уу" гэхээр надад лав их өөрөөр (ээж нь хүүгээ басамжлаад байгаа юм шиг) нэг л муухай, эвгүй бууж байгаа юм даа. Яг л "яг ш дээ" гэдэг шиг хэрүүлийн сонсогдож, төсөөлөгдөхгүй байна уу? (Бурхан минь "яг ш дээ" гэдэг чинь уул нь яг зөв шүү дээ, гэсэн эерэг санаатай үг л баймаар юм). Олон зуун эрдэмтэн мэргэд нь болгоох биз дээ.
Wednesday, November 25, 2009
Тусгаар тогтнол
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний даалин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхээ хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хүлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Дэндэвийн Пүрэвдорж
Saturday, October 17, 2009
Нэг л өдөр манайх гэх байх даа
Саяхан ЮНЕСКО-д ХӨӨМИЙ, ГЭСЭР ТУУЖ болон бас бус соёлын өвүүд Хятадынх хэмээн бүртгүүлжээ. Мэдээллийг дараах хаягнаас уншиж болно: http://bit.ly/VS8Dx
За тэгээд удахгүй Хубилай хаан, Морин хуур гэж эхлээд нэг л өдөр Монгол бичгийг маань ингэнэ шүү. Өвөр Монголд одоо хэрэглэдэг. Харин бид хэрэглэдэггүй! Тэгэхээр хэнийх нь болж таарч, хэний нэр дээр бүртгэгдэх бол?
Ядаж нэгэнт бүртгүүлсэн ч гэсэн хөөмий, туужаа өөрсдөө сайн сурч мэдэж, илүү хийж, бас Монгол бичгээрээ хэвлүүлээд хүүхдүүддээ заадаг болмоор...
Монгол бичиг рүүгээ шилжиж төрийн бичиг болгож өөрсдөө хэрэглэмээр...
Өвөөгийн тань хийсэн ор, домбо, ширээ танайд байж л дээ. Нэг нөхөр минийх, ижил нь манайд байгаа миний хийсэн зүйл гээд цагдаад бүртүүлээд байж. Тэгээд нэг л өдөр танай гэрийг энэ манай гэр итгэхгүй бол ороод хар, бүх юм нь минийх гээд цаас бариад орж ирээд таныг хөөхөд хууль гэгч зүйл хэний талд үйлчлэх бол? Тэр үед бид кирилл үсэг хэрэглэдэг болохоор гээд Орос руу нүүх үү? Арай ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байна. Гэвч бага багаар ингэж эзэлдэг энэ арга эрт дээр үеэсээ олон улс гүрнийг бидний хөрш урд том гүрэнд нэгтгэж байгааг бид мартаж болохгүй. Манай нэг хэсэг ч бас аль хэдийн эднийх болсон. Тэд улам л нааш ахисаар, гэтсээр, магадгүй нэг л өдөр үсэрнэ...
Бид яаж үүнээс өөрсдийгөө хамгаалах вэ. Энэ бол бид өөрсдийн өв соёл түүхээ дээдэлж, судалж, бас дэлгэрүүлж, соёл уламжлалаа хадгалж хамгаалж үлдэх. Хамгийн эхэнд хийх хэрэгтэй хамгийн том алхам бол "Монгол бичгээ сэргээж төрийн бичиг болгох" үйл явдал болов уу. Хэрвээ энэ бүхнийг бид хичээгээд, зориод, олон саад бартааг даваад хийж чадвал бидний үр хойч биднээр бахархах, бидэнд баярлах болно гэж бодох юм. Хэрвээ та ч бас ингэж боддог бол энэ талаар сайн ярьж, бусадтай хэлэлцэж, бүр болдог бол байгууллага, холбоо байгуулаад энэ талаар тэмцээд нэгдээд ч явж болох байх гэж бодож байна. Хэрэв үүнийг хийхгүй бол 200 жилийн дараа таны ач шаахай өмсөөд, шавар ухаад, Чингис хаан Хятад хүн байж гээд түүхийн хичээлийг дунд сургуульд хальт мөлт заалгаад зогсож байхыг үгүйсгэхгүй л байх. Магадгүй Манж гаралтай Хятад хүүхдүүд, Өвөр Монгол хүүхдүүд ямар байдалтай байдаг бол? Асуултуудын хариуг таньд үлдээе...
Monday, October 12, 2009
Хэнд эе бий болбоос түүн дор нөхөр бий
Авах гээхийн дөрвөн мөрт шүлгээс
Wednesday, September 30, 2009
Надад зориулсан Төрсөн Өдрийн Бэлэг
Sunday, June 21, 2009
Нэг л сайхан
Ардын сайхан дуугаа аялахад, сэтгэлд хөг, зүрхэнд баяр, ухаанд цараа нэмж байна.
Энэ дуу хэдий ардын дуу биш ч гэсэн ...
ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУ
Ая Ч.Сангидорж /УГЗ/ Үг Н.Цэдэв /док/про/
Энхрийхэн үр намайгаа
Ээж минь та яаж хайрладаг бэ
Энгүй тэр л хайраар чинь
Эгэл түмэн ээ би энэрч явна аа
Ээж минь та үрээ хараарай
Итгэж сонгосон эрхэм үйлстээ
Баяртай явна аа би
Ээж минь та наддаа итгээрэй
Алагхан үр намайгаа
Аав минь та яаж хайрладаг бэ
Үлэмж тэр хайраар чинь
Өргөн түмэн ээ би хайрлаж явна
Аав минь та үрээ хараарай
Андгайлж өргөсөн ариун тангарагтаа
Үнэнч явна аа би
Аав минь та наддаа итгээрэй
Хонгорхон үр намайгаа
Хүн ард минь та яаж халамжилдаг бэ
Хосгүй тэр л халамжаар тань
Хотол түмэн ээ би хайрлаж явна
Хүн ард минь үрээ хайрлаарай
Хүсэл бадарсан хүндэт үйлстээ урамтай явна би
Хүн ард минь та наддаа итгээрэй
Хүн ард ижий аав ч минь наддаа итгээрэй
Яг л амандаа сүү балгачхаад залгилж байгаа юм шиг ... зөөлхөн байна
Friday, June 19, 2009
7н сарын турш Би яг энэ дуу шиг байсан
Je Suis Malade - Dalida