Wednesday, November 25, 2009

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний даалин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхээ хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Дэндэвийн Пүрэвдорж